Цонхны тавцан, шал, барилгын гадна пасад зэрэг барилгын материалын олон төрлийн бүтээгдэхүүнийг чулуугаар үйлдвэрлэж байна. Түүхий эд материал, ажиллах хүч, үйлдвэрийн хүчин чадлаас шалтгаалан дотооддоо үйлдвэрлэхээс илүүтэйгээр Хятадаас нийлүүлдэг байсан бол одоо Монголдоо энэ төрлийн чанартай, найдвартай, импортыг орлох хямд чулуун бүтээгдэхүүнийг “Ногоон цагираг” компани үйлдвэрлэж
эхэллээ.
Өнөөдөр /2023.06.23/ БХБ-ын сайдын Зөвлөх Б.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг зэрэг ажлын хэсгийнхэн тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг чулуугаар хийж байгаа бөгөөд түүхий эдээ Төв аймгийн Сэргэлэн сум, Ховд аймгийн боржин чулууны уурхайгаас татан төвлөрүүлж саарал болон улаан өнгийн хоёр төрлийн сонголттойгоор зах зээлд нийлүүлж байна.
Монголын зах зээл дээрх импортын бараанаас 15 хувиар хямдаар чулуу нийлүүлж буй тус үйлдвэр 2022 оноос байгалийн чулуун гулдмай зүсэх тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, чулуун хавтан өнгөлөгч, бүрэн автомат шугам, хавтан барзайлгагч , бүрэн автомат гантиг, гулдмай зүсэгч хөрөө, зам талбайн зориулалтын тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэлээ өргөжүүлэн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлсэн байна.