Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор “Ногоон хөгжлийн бодлого” баримт бичгийг баталж, энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, эрчим хүч болон байгалийн нөөцийн хэмнэлттэй барилга байгууламж төлөвлөх, барих зарчим, үзэл баримтлалыг баталсан. Үүний дагуу “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Алсын хараа 2050” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ногоон хөгжлийг эх
орондоо нутагшуулах, дагаад барилга, хот байгуулалтын салбарт уг чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, холбогдох барилгын норм ба дүрмүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Иймд эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүднээс “Ногоон барилгын зөвлөл”-ийг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 196 дугаар тушаалаар байгуулж ажилласан.
Гэвч уг зөвлөлийн үйл ажиллагаа байнгын ажиллагаатай байхад хүндрэлтэй байсан тул тус зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтран зөвлөлийн үйл ажиллагааг чадавхжуулах техник туслалцааг авсны хүрээнд 2019 онд “Ногоон барилгын зөвлөл”-ийг Төрийн бус байгууллагын хэлбэрээр явуулах олон улсын стандартад нийцсэн тогтвортой засаглалтай болгох зөвлөмж гарсан юм. Уг зөвлөмжийг ажил, хэрэг болгох хүрээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажилласны дүнд “Ногоон барилгын хүрээлэн” ТББ /Green building council NGO/ шинэчлэн, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гишүүдийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийг баталлаа.
Төлөөлөн удирдах зөвлөлд ногоон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг оролцуулан баталж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэхээр тогтсон бөгөөд цаашид Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор баталсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ын хүрээнд Барилга, хот байгуулалтын салбарт 830 тонн хүлэмжийн хийг бууруулах үүрэг, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичигт туссан “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцож, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бизнесс эрхлэгчдэдээ хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олох боломжийг бүрдүүлэхээс гадна томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг байгаль орчинд ээлтэй байхаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Цаашдаа үйл ажиллагаагаа тогтвортой явуулах хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаас гадаад дотоодын ногоон барилга, хот байгуулалтын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад нээлттэй байдлаар хамтран ажиллаж, сургалт, судалгаа, мэдээллээр ханган ажиллахаар зорьж байна.