"ОХУ-аас 100 мянган тонн арматур орж ирсэн, одоо 50 мянга ирж яваа"
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдааны дараа БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр барилгын материалын үнэ ханштай холбоотой зарим асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр "Төрийн зүгээс тодорхой төслүүдийг зогсоочихгүй үргэлжлүүлэхийг хичээнэ. Зөвхөн барилгын материал гэлтгүй бүхий л төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, хүндрэл үүсэж байна. Манай улс урд хил хааснаас хойш буюу өнгөрсөн намраас ОХУ-аас барилгын арматурыг татсан. Монгол Улсад жилд 300 мянган тонн арматурын хэрэгцээ байдгаас 100 гаруй мянган тонн арматур нь орж ирсэн. 40-50 мянган тонн арматур замдаа явж байгаа.
ОХУ-аас арматур импортолдог 7, 8 компанийг бид бодлогоор дэмжиж ажилласан. Харин тус компаниудад одоо валютын хомсдол, мөнгө шилжүүлэх хүндрэлүүд тулгарч байгаа талаар хэлж буй. Ямартай ч үнийн өсөлттэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүх төсөл дээр магадлал хийж, төсвийг дахин тодотгож гарч ирсэн бүх төсвийг улсын төсөвт үе шаттай суулгах асуудлууд хийгдэж байгаа. Хувийн зарим төслийн эрсдэлийг тооцоод судалж байна.
Өнгөрсөн 2021 онд ипотекийн зээлийн хүү 8 хувь байсныг 6 болгож, санг нь өргөтгөөд, 1 их наяд 95 тэрбум төгрөгийг барилгын салбарт оруулсан. Үүний үр дүнд 13295 өрх орон сууцанд орсон. Харин өнөөдөр ипотекийн зээлд хүндрэл үүсэж эхэлсэн. Яагаад гэвэл 2020, 2021, 2022 онд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж байна. Төлөлтөөс орж ирсэн мөнгийг буцааж зээл болгон гаргадаг байсан. Энэ эргэлт байхгүй болсон. Үүнээс үүдээд ипотекийн зээлд хүндрэл үүссэн.