Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.05.02/ боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа. Хуралдааны эхэнд яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг багцлан танилцууллаа.
Танилцуулагдсан мэдээллийн хүрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн харьяа газар,
төслийн нэгжийн удирдлагуудаас нэмэлт мэдээллүүдийг тодруулав. Тодруулгын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын явцад тулгарч байгаа, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар төслийн зохицуулагч Т.Болорчулуун, Эко Яармаг хорооллын асуудлаар Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Газрын багц хуулийн төсөл, Хаягжилт, Орон зайн өгөгдлийн дэд бүтэц зэрэг асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын материалын үнэ болон нийлүүлэлтийн талаар яамны хэлтсийн дарга Д.Батзориг нар нэмэлт мэдээлэл хийв. Мөн салбарын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол саналын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл сонслоо.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хуралдааны төгсгөлд яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд:
-Барилгын материалын үнийн индексийн асуудлыг яаралтай танилцуулж шийдвэрлүүлэх,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгын зөвлөх үйлчилгээний дүрэм, бүртгэлийг цэгцлэх,
-Аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын явцыг түргэтгэх,
-Ипотекийн үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийн санал авах үйл ажиллагааг яаравчилж эцэслэх,
-Орон нутагт хэрэгжих ипотекийн зээлийн гурван хувийн хүүгийн тооцооллыг нарийвчлан яаралтай гаргах,
- Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлдэх,
-Иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам бүр сайжруулж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарах.