Стрессээс ангижруулах Зэн дизайн
Хурдацтай хөгжин цэцэглэж буй нийгэмд бид байр сууриа бэхжүүлэх болоод хэрэгцээгээ хангахын тулд урд өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллах, бусадтай харилцаа үүсгэх, цахим орчны мэдээллийг ихээр хүлээн авах, түгжрэлтэй замын хөдөлгөөнд заавал оролцох шаардлагатай болсон. Эдгээр гадаад, дотоод орчны нөлөөллүүд нь аажмаар бидний оюун санаа, сэтгэл санааг туйлдуулж эрч хүчгүй болгодог. 2021 оны АНУ-ын иргэдийн дунд хийсэн судалгаагаар 10 хүний 9 нь тогтмол их бага хэмжээгээр стрессийг мэдэрдэг гэсэн дүгнэлт гарсан. Тэр дундаа томоохон хотуудад амьдардаг иргэдийн стресс илүү өндөр байдаг байна. Иймд интерьер дизайнерууд Японы Зэн хэв маягийг түлхүү ашиглах болсон. Энэ нь минимал хэв маягийг ашиглан тэнцвэр, эв найрамдал, амар тайвны мэдрэмжийг бий болгохоос гадна дотоод сэтгэлдээ төвлөрөх боломжийг олгодог. Ингээд танд энэхүү гайхалтай орчныг хэрхэн бүрдүүлэх талаар 5 зөвлөмжийг хүргэе.
1. Байгалийн өнгө ашиглах
Байгальтай ойр байх үед бид тайвширч, эрч хүч мэдэрдэг. Иймд байгалийн өнгө түлхүү ашиглах нь оновчтой. Жишээ нь элсний цайвар шаргал, газрын бор хүрэн, тэнгэрийн цайвар цэнхэр, навчны цайвар ногоон гэх мэт. Мөн та тайвшралыг хамгийн их авдаг газраасаа өнгөний санаа авч болно. Өрөөнд эрч хүч нэмэх, загварлаг харагдуулах зорилгоор зарим жижиг хэсгүүддээ тод улаан, тод цэнхэр өнгө ашиглаж болно.
2. Даавуун материал сонго
Маалингын даавуу, хөвөн, ноосон эдлэлүүд нь байгальтай ойр мэдрэмжийг хүчтэй өгдөг. Мөн эерэг дулаан мэдрэмж бүрдүүлэхээс гадна цэвэрлэж арчлахад хялбар. Иймд ор, хөшигний даавуу болон газар тавьж алхах зүйлсээ дээрх цэвэр байгалийн материалаар шийдээрэй.
3. Зөөлөн гэрэлтүүлэг
Бид гэрлийн бохирдолтой орчинд амьдарч байна. Хүний өдөр тутам ашигладаг телевизор, гар утас, компьютерын дэлгэц, өдрийн гэрлүүд нь хэтэрхий тод, цэнхэр туяатай тул тайван бус мэдрэмжийг өгдөг. Бүхэл өдөржин хурц тод электрон гэрэлтэй орчинд ажилласан бид гэртээ шинэ орчин бүрдүүлж эрч хүч, энергиэ нөхөх шаардлагатай. Зэн дизайнд амар тайван мэдрэмжийг бий болгохын тулд бүдэг эсвэл байгалийн гэрлийг түлхүү ашигладаг. Жишээ нь шалны чийдэн, анхилуун үнэртэй лаа, хөшигний цаанаас орж ирэх бүдэг гэрэл. Мөн нарны гэрэлтэй ойр буюу шаргал туяатай гэрлүүд нь орчныг зөөлөн дулаан уур амьсгалтай болгодог.
4. Тэгш хэм
Хүн хүрээлэн буй орчноосоо үргэлж логик уялдаа холбоог эрж хайдаг. Иймд Зэн дизайн нь илүүдэл, төвөгтэй элементүүдийг хасаж оронд нь ойлгоход хялбар, тэг шугам, хээтэй шийдэлд төвлөрдөг. Өрөөний тохижилтод буйдан, ор, ширээ сандал нь маш чухал нөлөөтэй тул тэгш хэм, шугамтай тавилгуудыг сонгох нь чухал. Тавилгын өнгө нь хана, шалны өнгө, өрөөний зохиомжтой нийцэмжтэй буюу ууссан байдлаар шийдэх нь зүйтэй.
5. Чимэглэлийг хасах
Орон зайг эмх замбараагүй харагдуулах урлагийн бүтээл, бөөгнөрсөн үзүүлэн, чимэглэлүүдээс зайлсхий. Тавиур дээр хэвтэх олон өнгийн сэтгүүл, ном ч мөн адил. Хэрэв та номын сангаасаа салахыг хүсэхгүй байгаа бол хавтсыг нь адил өнгийн цаасаар бүрж болно. Харин ургамал нь тайвшруулах, агаар цэвэршүүлэх үйлчилгээтэй тул орон зайдаа үлдээх хэрэгтэй. Танд нийтлэл таалагдсан бол бусаддаа түгээгээрэй.