Азийн архитекторуудын зөвлөлийн /ARCASIA/-ийн гишүүн 22 орны 120 гаруй төлөөлөгч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Төрийн ордонд чуулж, 21 дүгээр чуулганаа хийж байна. Азийн архитекторуудын форум-21" “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй" сэдвийн дор хот байгуулалтын болон архитектурын салбарын шинэ чиг хандлагууд, азийн орнуудын шилдэг туршлагуудын талаар хэлэлцэж байна. Тус чуулганд Монгол
улсын шадар сайд С.Амарсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Азийн архитекторуудын зөвлөлийн ерөнхийлөгч Абу Саяид М Ахмедтай тэргүүтэй олон улсын архитекторууд, БХБЯ, Монголын архитекторуудын эвлэлийн гишүүд оролцлоо.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэхүү олон улсын чуулганы үндсэн илтгэлийг тавьж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Даян дэлхийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, шинэ хотуудын хөгжлийг дэмжихийг чухалчлан үзсэний дагуу өнөөдрийн форумын арга хэмжээг “ТОГТВОРТОЙ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Олон улсын Архитекторуудын Эвлэл (UIA) болон Азийн архитекторуудын Зөвлөл /ARCASIA/-тэй хамтран зохион байгуулж байна. Форумд 120 гаруй төлөөлөгчид биечлэн, мөн цахимаар холбогдон өргөн хүрээтэй оролцож байгаад талархал илэрхийлье.
Монголчууд бид уламжлалт нүүдэлчин ахуй, соёлтой ард түмэн учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай, уул, тал хээр, говь цөл хосолсон өргөн уудам нутагтай. Тиймээс бидний суурин газрыг хөгжүүлж ирсэн түүх дэлхийн бусад орнуудаас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Өнөөдөр манай оронд хотжилт эрчимтэй явагдаж, орчин үеийн хот суурин, үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор, иж бүрэн орон сууцны хороолол баригдсаар байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-д нийслэл Улаанбаатар хот болон түүний дагуул хотуудыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, Зүүн хойд Азийн аялал жуулчлал, үйлчилгээ бүхий логистик, олон улсын харилцааны төв болгох зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Чингисхаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 52 км-ийн зайд 314 хавтгай дөрвөлжин км талбайд 150 мянган хүн амтай "Шинэ Зуунмод" хотыг шинээр байгуулахаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн дэд бүтцийг барих ажлыг эхлээд байна.
Шинэ Зуунмод хотыг 21-р зууны хот байгуулалтын нэг загвар болох Аэротрополис хотын үзэл баримтлалын дагуу төлөвлөж, нисэх буудлын орчмын орон зайд төмөр зам, авто зам болон агаарын тээврийн дэд бүтцийг багтаасан логистик хаб, аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс, бүтээлч болон дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэлийн салбар, тэдгээрийг дагасан дэд салбаруудыг хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдөр хот, суурин газрууд дэлхийн нийт хуурай газрын 2 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн ам нь НҮБ-ын тооцоолсноор 2050 онд 2 дахин өсч, хотжилтын түвшин 70 хувьд хүрсэнээр 21 дүгээр зууны өөрчлөлтийн нэг гол чиг хандлага болох төлөвтэй байна. 2030 он гэхэд Азийн хүн амын 55 гаруй хувь нь хотуудад амьдарч, урьд өмнө хэзээ ч байгаагүй томоохон суурин газруудыг бий болгон шинээр мега бүс, хот-бүс гэсэн хэлбэртэйгээр хөгжих хандлагатай байна.
Хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад ялангуяа, том хотуудад уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол, автомашины хэт их хэрэглээ, хотын захын тэлэлт, дэд бүтцийн даац хэтрэх, бохирдол, байгалийн баялгийг үр ашиггүй ашиглах, тэгш бус байдал нэмэгдэж, уугуул ландшафт, экосистем алдагдах сөрөг үр дагаврыг бий болгож байна. Нөгөө талаас энэхүү хэрэгцээ нь хот төлөвлөлт, дэд бүтцийн шинэлэг арга барил, дижитал шийдэл, ногоон технологи, хот суурин газрын төлөвлөлтийн менежментийг илүү үр ашигтайгаар нэвтрүүлэх асуудал тулгарч байна. Өнөөдөр олон улсад үүсээд байгаа эдийн засаг, улс төрийн болон бусад хямралын нөлөөллийг тооцоолон даван гарах, өөрчлөлтөд дасан зохицох, ирээдүйд гарч болох нөхцөлд бэлэн байх,стратеги бий болгох, тогтвортой хот байгуулалтын загваруудыг боловсруулахад архитектор, хот төлөвлөгч мэргэжилтнүүд Та бүхний үүрэг, оролцоо чухал байна, Форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн архитектурын бүтээл олноор туурвих өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ.
Азийн архитекторуудын форум Олон улсын арга хэмжээг зохион байгуулах эрхийг авах шалгаруулалтад 2020 онд Монголын Архитекторуудын Эвлэл өрсөлдөж, 2021 оны 9 дүгээр сард шалгарч зохион байгуулах албан ёсны эрхийг авсан юм. Олон улсын архитекторууд оролцсон форум нь тус бүс нутагт хамаарах хот байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн санал зөвлөмж өгдөг үндсэн платформ юм. Мөн Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, судлаачид хуран цугларч, архитектур, хот байгууллатын дэлхийн чиг хандлагыг хэлэлцдэг онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм.