Барилга, хот байгуулалтын улсын албаны шуурхай штабаас долдугаар сарын 06-ны өдрийн 20:00 цагаас 07-ны өдрийн 08:00 цагийн хооронд хийсэн ажлуудын талаар мэдээлж байна.
Одоогийн байдлаар Дунд голын дагуу байрлах байрлах орон сууцны “Алтай”, “Хос өргөө”, “Цагдаа” зэрэг хотхон, Хараагүйчүүдийн төвийн зүүн талын орон сууцууд, хувийн хэвшлийн нийт 15 компанийн 150 гаруй орон сууц, ОСНААУГ-ын 59 байртай нийлээд 210 орчим орон сууцад ус орсон мэдээтэй байна. Ус хангамжийн талаар дуудлага ирээгүй бөгөөд УСУГ-аас цэвэр ус зөөвөрлөх нэг автомашинаар ус түгээн ажилласан бөгөөд Төв цэвэрлэх байгууламж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн онцгой байдлын комисстой хамтран ажиллаж, 20 ширхэг бохирын машиныг бэлэн байдалд шилжүүллээ. Усны түвшин эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн аж ахуйн салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргүүлэх талаар ХСУХАТАҮЗХ-д үүрэг чиглэл өгсөн.
Мөн БХБЯ-ны ТНБД-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачааны автомашины судалгааг гаргаж, бэлэн байдалд орууллаа. Нийслэлийн Захирагчийн ажлын албанд “Эй Жи Зэт” ХХК-ийн эксковатор, ковш болон жолоочийн талаарх мэдээллийг тус тус хүргүүлээд байна.
Өнгөрсөн шөнө ОБЕГ-аас гаргасан хүсэлтийн дагуу “Гэрэлт урсгал” ХХК-ийн 6 тоннын даацтай краныг S.Outlet дэлгүүрийн орчмын нутаг дэвсгэрт ажиллуулсан. БХБЯ-ны Улсын албаны шуурхай штабаас 00:00-05:00 цагийн хооронд Алтай хотхоны орчимд 13 хово машинаар шороо буулгаж, хоёр албан хаагч хариуцаж ажилласан бол Дамбадаржаа орчимд мөн хоёр албан хаагч ажиллаж, 17 хово машин шороо буулгаж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангалаа.
УСУГ -аас урд шөнө Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны зөөврийн хоёр машинаар ус түгээж, бохирын хоёр машин, хоёр насосоор үерийн усыг соруулсан. Ус хангамжийн эх үүсвэрийн хувьд Хар усан тохойд гүний 6 худагт ус орсны улмаас ажиллуулах боломжгүй байна. Төв цэвэрлэх байгууламжид 220 мянган шоометр бохир цэвэрлэсэн бөгөөд энэ нь ердийн өдрүүдээс 50 мянган шоометрээр их байна.
ОСНААУГ-аас Сүхбаатар дүүргийн 1, Хан-Уул дүүргийн 2, 3, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийт 59 байр, ус дулаан дамжуулах 6 төв цахилгаан эрчим хүчгүй байна.
Цаашид үерийн аюултай бүсэд ажиллах ачааны автомашины тоог нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангахаар барилгын компаниудтай хамтран ажиллаж байна.