Б.Мөнхбаатар: Ирэх 10 жилд 4 хот барина
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдөр Барилга хөгжлийн төвд болсон билээ. Хэлэлцүүлэгт БХБЯ, ЭЗХЯ, Эрчим хүчний яам, БОАЖЯ, Сангийн яам тэргүүтэй яамд, төрийн холбогдох байгууллага, аймгуудын Ерөнхий архитекторууд, сумдын Засаг дарга нар оролцсон юм. Сумын иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Нийтийн аж ахуйн болон төрийн үйлчилгээг иж бүрнээр тэгш хүртээх зорилготой “Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг 19 аймгийн 59 суманд хэрэгжүүлэх аж.
Төсөлд хамрагдах 59 сумыг “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн хүрээнд тодорхойлсон бүлэг суурингийн тогтолцоо, Үндэсний хөгжлийн газрын боловсруулсан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-той уялдуулан суурин хүн амын тоо, нийгмийн үйлчилгээний таталцал, газар зүйн байршил зэргийг харгалзаж сонгожээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац болон багтаамж, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэрэг төвлөрөл үүсгэх хүчин зүйлүүдийг харгалзан үзсэн байна.
Төслийг хэрэгжүүлснээр сумдын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, хөрсний бохирдлыг бууруулах боломжтой. Түүнээс гадна, дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж, нийтийн халуун усны үйлчилгээг хүн амд жигд үзүүлнэ. Мөн сумын төвийн орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7800 өрхийн 31.2 мянган хүн ам инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох юм.
Тэгвэл энэхүү чухал уулзалтыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлсэн. Тэрбээр “Төр нь үр ашгаа бодохгүй бол бид хөгжихгүй. Хүмүүс хандлагаа өөрчилж, хамтын ажиллагаа гэж сэтгэхгүй бол их хэмжээний төсвийн хөрөнгийг энд, тэнд аваачиж үр ашиггүй булаад байж болохгүй. Нийт 70 гаруй суманд хэрэгжүүлсэн төслүүдийн 90 орчим хувь нь үр ашиггүй болж дампуурсан байна. Бид хэрэгжүүлэх гэж байгаа төслөө дампууруулахгүйн тулд эхнээс нь хоорондоо ойлголцож, үр ашигтай байлгах үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. Та бүгдийн оролцоо хамгаас чухал шүү.
Нийтийн аж ахуйн байгууллагууд та бүхний гарт газрын доорх инженерийн дэд бүтцийн ертөнц байна. Та нараас л сумынхан чинь зөвлөгөө авна. Харин хийж өг гэдэг сэтгэлгээтэй сумын дарга нарын хувьд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хийгээд өгөхөөр ашиглалтыг нь аваад явж чадахгүй дампууруулчихдаг. Тиймээс сумын удирдлагууд “би яаж хийхэв, бид яаж хийхэв” гэж хандлагаа өөрчлөхгүй бол хэчнээн их юм хийсэн ч тэр байгуулсан газрын доорх ертөнц булагдаад өнгөрнө. Сумын дарга, орлогч, тамгын газрын дарга нар сэтгэлтэй, иргэдтэйгээ хамтарч чадаж байвал хамгийн мундаг. Хамгийн гол нь ажил явуулахад хандлагын өөрчлөлт чухал. Удирдлагуудаасаа эхлээд иргэдээ нэг болгох хэрэгтэй. Тэгж байж сумандаа усан хангамжтай, цэвэрлэх байгууламжтай, дулааны шийдэлтэй, энэ бүгд нь эргээд газрын дээр гарч ирэхээрээ тохижилттой сайхан болно.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид эхнээс нь сумдуудыг дэд бүтэцтэй болгох төслийг хэрэгжүүлж байна. Ер нь ирэх 10 жилд 4 хот барина. Хөшигийн хөндий, Ханбогд, Цогтцэций, Даланзадгад, Сайншанд, Гурвантэс, Дархан. Яагаад гэвэл 20 жилийн дараа Монгол Улсын хүн ам 2 саяар нэмэгдэж. 5.5 сая болно. Тэр 5 сая хүн ам чинь төвлөрөл бий болгосон газар л цуглана. Харин өөр хотууд босоход хэцүү. Таталцал бий болно. Тиймээс энэ хотуудыг барьж, ажлын байраа дагаж, аймгийн төвүүдээ хөгжүүлнэ.
Бүсчилсэн хөгжлийн дагуу төсөвт тавигдсан сумын дэд бүтцийн ажлуудыг бид хэрэгжүүлнэ. Одоо бид хийхгүй бол бидний хүүхэд ийм л орчинд л амьдарна. Иймээс багийн ойлголцол, багийн сэтгэлгээ, ажлын үр дүн гэж ойлгож байгаа. Энэ дээр сайн ярилцаарай, сайн ойлгоорой, онлайнаар оролцож байгаа дарга нар сайн холбогдоорой. Тэгээд хамгийн харамсалтай нь Засгийн газар байнга солигдоод байдаг, шинэ хүн гараад ирдэг, ойлгоход хэцүү байдаг, гол нь мэргэжлийн хүмүүс та нар л ойлгох нь хамгийн чухал” хэмээсэн юм.