Ж.Батсуурь: Амины орон сууцны мэдээлэл дамжуулах төвийг байгуулж,  иргэдэд мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэхээс гадна загвар зураг төслөөр хангана

Ж.Батсуурь: Амины орон сууцны мэдээлэл дамжуулах төвийг байгуулж,  иргэдэд мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэхээс гадна загвар зураг төслөөр хангана

Ж.Батсуурь: Амины орон сууцны мэдээлэл дамжуулах төвийг байгуулж,  иргэдэд мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэхээс гадна загвар зураг төслөөр хангана

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон улсын форум 2024 оны 10-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хот төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлого боловсруулагчид, олон улсын экспертүүд, банк санхүүгийн салбарын төлөөлөл та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Бид өнөөдөр, Монгол Улсын орон сууцны салбарт өнгөрсөн 30 жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн чиг хандлагын талаар тал бүрээс нь ярилцах гэж байна. Энэхүү боломжийг олгож, дэмжиж тусалсан Дэлхийн банкны нөхөддөө талархлаа илэрхийлье. Өнөөдрийн форум нь санал бодлоо чөлөөтэй солилцсон, туршлагаа хуваалцсан, ажил хэрэгч үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд форумын үйл ажиллагааг нээснийг мэдэгдэж, үндсэн илтгэлдээ оръё оо.

Эрхэм хатагтай, ноёд оо,

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсанаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, иргэн бүр хувийн өмчтэй болох эрх зүйн орчин бүрдэж, иргэд чөлөөтэй, тэгш эрхтэйгээр өөрийн өмч хөрөнгө, газар, үл хөдлөх хөрөнгийг олж авах боломжтой болсон билээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийг 1996 онд, баталж, төрийн өмчийн орон сууцыг тухайн орон сууцанд амьдарч байсан иргэд өмчилж авч байсан нь өнгөрсөн 30 жилийн нэгэн томоохон түүхэн үйл явцад тооцогддог.

Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох Үндсэн суурь үзүүлэлт юм.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2023 оны тооллогын дүнгээр нийт өрхийн 31 хувь нь нийтийн зориулалттай орон сууц, 29 хувь нь өөрсдөө барьсан амины орон сууц, 38 хувь нь уламжлалт гэр сууц, 2 хувь нь инженерийн бүрэн шийдэлтэй амины орон сууцанд амьдарч байна.

Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 300 дахин нэмэгдэн эдийн засаг тэлж буй боловч хотын төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудлаас шалтгаалан иргэдээ орон сууцжуулах үйл ажиллагаа удаашралтай явж ирсэн.

Иймд ирээдүйд бий болох үр өгөөжийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан оновчтой төлөвлөж, бусад орны сайн туршлага, санхүүжилтийн зөв загварыг олон улсын байгууллагуудаас гаргасан үр ашигтай зөвлөмжийн дагуу хамтран нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг даалгавар бидний өмнө үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцжуулах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

  • Үндэсний баялагийн сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
  • Ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах;
  • Үндэсний орон сууцны корпораци байгуулж, нэгдсэн бодлого, шийдвэрээр орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дасан зохицох чадвартай амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшуулалын механизмийг нэвтрүүлэх;
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах,
  • Аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах “Миний анхны орон сууц”, “Миний түрээсийн орон сууц”, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний сонголт нийтийн алба” зэрэг ТАВАН багц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 150 мянган айлын орон сууцыг ирэх 4 жилд ашиглалтад оруулна.

Өргөн уудам газар нутагт орших 21 аймаг, 330 сумыг 6 бүсэд хуваан бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөө Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж байна. Бүс нутагт стратегийн 90 төв, бүлэг сууринг байгуулж, хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Бусад сум суурин газруудыг ч орхигдуулахгүйгаар  кластержуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, судлаачидтай хамтран ажиллаж байна.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан эдийн засгийн бүсүүдэд бий болох ажлын байрыг даган орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байгаа тул ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Энэхүү эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж, ирэх 4 жилд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна.

Мөн “Монголын Ногоон Санхүүгийн Корпорац”-тай хамтран Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Өрхийн орлогын түвшинтэй уялдуулан бага, дунд орлоготой өрх болон залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрээсийн орон сууцаар хангах бодлогыг үе шаттай эрчимжүүлнэ. Тухайлбал орон нутагт орон сууцжуулалтыг дэмжих хүрээнд орон нутагт нийтийн зориулалттай орон сууц шинээр барьж, борлуулсан аж ахуйн нэгжийн орлогын татварыг 90 хүртэлх хувиар,  нийтийн зориулалттай орон сууц түрээслүүлсэн аж ахуйн нэгж, иргэний орлогыг 90 хүртэлх хувиар үе шаттайгаар хөнгөлөх татварын дэмжлэг энэ оноос хэрэгжиж эхлээд байна.

Цаашид төрөөс иргэдийг орон сууцжуулах бодлогыг дараах 3 үндсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлэх болно.

Нэг. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц

Хүн амаа чанартай, хүртээмжтэй хямд орон сууцаар хангах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр орон сууцны үнийн өсөлтийг тогтвортой байлгана гэж тооцоолж байна.

Үүний нэг жишээ бол, Улаанбаатар хот болон Дархан хотод төрөөс газар, дэд бүтцийг шийдэж, 15 мянган айлыг орон сууцтай болгох Залуус хорооллын төсөл юм. Энэ төсөл бусад аймаг сумын төвд жишиг болон хэрэгжинэ.

Өнөөдөр энэ форумд орон нутгийн удирдлага, төлөвлөлт хариуцсан албаны хүмүүс оролцож байна. Та бүхэн аймаг, сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, орон сууцны хотхон хорооллуудын ТЭЗҮ, зураг төслийг бэлтгэсэн байхыг зөвлөж байна.

Мөн иргэд өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газартаа ая тухтай, стандартын шаардлага хангасан амины орон сууц барихад ипотекийн зээл олгох боломжийг бүрдүүлэхээр Монголбанк, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Манай улсын нийт өрхийн 38 хувь нь өөрсдийн хашаандаа барьсан байшин, сууцанд амьдардаг боловч энэ нь дулааны алдагдал ихтэй, ашиглалтын зардал өндөртэй байгаа нь үл хөдлөх хөрөнгө талаасаа үнэ цэнэ багатай юм. Иймээс бид Амины орон сууцны технологи болон мэдээлэл дамжуулах төвийг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллуулж, иргэдэд амины орон сууцыг стандартын дагуу хямд өртгөөр барихад мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэхээс гадна загвар зураг төслөөр хангана. Ингэснээр иргэдийн газар,  үл хөдлөх хөрөнгө нь өндрөөр үнэлэгдэж, цаашид үл хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүгийн үйл ажиллагаанд орох боломжийг нэмэгдүүлэх юм.

Хоёр. Орон сууц нь төлбөрийн чадварт нийцсэн байхаас гадна байгал цаг уурын эрсдэлд тэсвэртэй байх ёстой. Монголын хатуу ширүүн өвөл, урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарыг тэсвэрлэх чадвартай материал, хийцтэй байх ёстой. Иймд тодорхой норм, стандарт холбогдох дүрэм, журмуудыг өөрчилнө. Ингэснээр Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийг даван гарах, тэсвэрлэх чадвар бүхий орон сууцаар иргэд хангагдана.

Гурав. Ирээдүйн орон сууц төлбөрийн чадварт нийцсэн, байгал цаг уурт тэсвэртэй байхаас гадна байгал орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай байх ёстой.

Хамгийн энгийнээр хэлэхэд нүүрс түлдэг зуух, нүхэн жорлонгийн тоог эрс бууруулахаас эхэлнэ. Ингэхийн тулд сууцныхаа дулаан алдагдлыг бууруулах, болон хөрс бохирдуулдаггүй ариун цэврийн байгууламжуудыг суурьлуулах зэрэг орчин цагийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам “Монголын ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр үндэсний “BestGER” үнэлгээний аргачлалыг боловсруулж батлуулаад байна.

Ингэснээр хүн амын эрүүл, аюүлгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлээд зогсохгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүлэмжийн хийн кредит солилцох хөтөлбөрт хамрагдаж, орон сууцжуулалтад хөрөнгө босгох боломж бүрдэнэ.

Иргэдийг орон сууцжуулах бас онцгой нэг хүчин зүйл нь хууль эрх, зүйн орчны шинэчлэл учраас Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, Улсын Их Хурлын намрын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна.

Дээрх хуулиуд батлагдаж, эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр ипотекийн зээлийг зорилтот бүлэгт оновчтой олгох зохицуулалт хийгдэж, Үндэсний орон сууцны корпорац байгуулах, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр төлбөрийн чадварт нийцсэн, стандартын шалгуурыг хангасан, байгаль орчинд ээлтэй, чанартай орон сууцыг нэмэгдүүлэх цогц боломж бүрдэх юм.

Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн үр өгөөж нь эдийн засгийг тэлж, орон сууцжуулах үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлнэ гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл мега төслүүдийн үр ашиг нь айл өрхөд хямд үнэтэй, хүртээмжтэй орон сууц, орон сууцжуулалтад олгох бага хүүтэй ипотекийн зээл, зорилтот бүлэгт чиглэсэн түрээсийн орон сууц байх болно.

Орон сууцжуулалтын талаар бидний тавьж буй эдгээр зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшил, иргэд, хөрөнгө оруулагчид, олон улсын хөгжлийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал тул Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг УРИАЛЖ БАЙНА.

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.