Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилын сан хооронд өнөөдөр /2023.03.31/-ний өдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн баримт бичигт болон худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын (тендерийн) шаардлагад нийгэм, жендэрийн талаарх шалгуур үзүүлэлтийг тусган, хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан барилгын салбарын ажиллах хүчний тоон мэдээлэл цуглуулах, хуваалцах, харилцан мэдлэг, туршлага солилцох, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тусгажээ.
Тодруулбал эмэгтэйчүүд барилгын салбарын үйлчилгээ, арын албанд бус эрэгтэйчүүдийн нэгэн адил мэргэжлийн ажлыг эрхлэх нөхцлийг сайжруулж дэмжих юм байна.
Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах санамж бичигт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга C.Магнайсүрэн, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээний үеэр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах шинжээч А.Лхамсэржид “Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
"Монголын Мянганы сорилтын сангийн зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тус сангийн Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А.Отгончимэг илтгэл тавилаа. Түүнчлэн "Барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэрэгжүүлж буй сайн туршлагууд", “мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь”, Жендэрийн шаардлагыг хэрэгжүүлж буй бодит туршлагаас” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогч байгууллагууд санал солилцлоо.