Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.03.24/-ний өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнас Такагчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамж хүрэлцээгүй байдал, төвлөрсөн шугам сүлжээний дутагдалтай хэсгийг тэлэхэд сэргээгдэх эрчим
хүчний холимог эх үүсвэрээр хангах асуудалд салбар яам онцгой анхаарал хандуулж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэллээ.
Салхин болон эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлд дэвшилтэт технологийг ашигласан төсөл боловсруулж, Улаанбаатар хотын гэр хорооллын сонгосон байршлуудад хэрэгжүүлэх талаар талууд санал солилцож, хамтран ажиллахаар тохирлоо. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрээ буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжтойг илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд санал нэгдлээ.