ХББОС-ын сайд Ж.Батсуурь зарим төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав
Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өчигдөр гадаадын улс орнуудын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй орон сууцны төслүүд мөн цэвэрлэх байгууламжийн төслийн барилгын явцтай танилцлаа.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Ногоон нуур орчимд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууцны барилга баригдаж буй. Энэхүү төсөл нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад 2014 оны 08 дугаар сард айлчлах үедээ нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсний дагуу хэрэгжиж буй төсөл юм.
Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Засгийн газар хооронд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх албан протокол”-ыг байгуулснаар тус төсөл эхэлсэн.
Төслийн захиалагч нь Монгол Улсын Засгийн газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам бөгөөд гэрээний дагуу барилгын ажил эхэлсэнээс хойш 30 сарын хугацаанд хэрэгжих ёстой юм.
Давхартаа 49.95, 55.04мкв хоёр өрөө бүхий 6 айл, нийт 1008 айлын энэхүү орон сууц нь нийт 442 ширхэг авто зогсоолтой, 46ш сургууль, цэцэрлэгийн талбайтай байхаар төлөвлөгджээ. Төслийн барилга угсралтын ажил 2022 оны 06 сард эхэлсэн бөгөөд 2023 онд үндсэн 8 блок барилга, нэгдсэн 2 гаражийн цутгамал төмөр бетон бүтээцийн ажил дууссан байна.
Гадна шугам сүлжээний ажил болох цэвэр, дулааны шугамын угсралтын ажил туннель, хонгилийн систем, гадна бохирын ажил тус тус угсрагдаж барилгын талбайруу орж ирсэн. Мөн орон сууцны 8 блок барилгын гадна металл фасадны ажил эхэлсэн үргэлжилж байна. Төслийн орон сууцны 6-р блокт загварын байрны ажлыг мөн эхлүүлээд байна.
1-8 дугаар блок барилгуудын Агааржуулалтын босоо болон хэвтээ хоолой, хэрэглээний халуун хүйтэн усны шугам, халаалтын шугам, галын усны шугам гагнах, угсрах ажлууд тус тус эхэлсэн үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд тус төсөл нь 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
"Солонго" хорооллын гүйцэтгэл 14 хувьтай байна
Мөн энэ өдөр ХББОС-ын сайд Ж.Батсуурь, орлогод нийцсэн орон сууцны хороолол болох “Солонго 1” “Солонго 2” төслүүдийн барилгын явцын ажилтай танилцлаа.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын орон сууцны хороолол юм.
БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр 40 жилийн хугацаанд барьж байгуулах бөгөөд зээлийн хэмжээ нь 266.9 сая ам.доллар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.
Төслийн хүрээнд нийт 5,002 айлын 66 блок орон сууцны барилга баригдаж, ашиглалтад орно. Төслийн орон сууцны барилга угсралтын ажлыг 2024 оны I улиралд эхлүүлж, эхний ээлжинд “Солонго 1” төслийн талбайд 19 блок, “Солонго 2” төслийн талбайд 16 блок буюу (“Солонго 1”– 2,712 айл, “Солонго 2” – 2,290 айл) бөгөөд (ил-1,570, зоорийн давхрын - 1,128) буюу Нийт 2,698 зогсоол төлөвлөгдсөн. Нийт ажлын гүйцэтгэл 13.83 хувьтай байна.
Мөн тус төслийн хүрээнд 1250 хүүхдийн 1 сургууль, 280 хүүхдийн 2 цэцэрлэг, ахмад залуучуудын хөгжлийн төв, сэргээн засах төв, хорооны барилга, цэцэрлэгт хүрээлэн болон гадна инженерийн 1 дүгээр хэлхээний цахилгаан, дулаан, цэвэр бохир усан хангамж, харилцаа холбооны шугам сүлжээний ажил хийгдэх юм.
Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил 85 хувьтай үргэлжилж байна
Дараагийн нэг танилцсан төсөл бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл юм. Энэхүү шинэ цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ба хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд био-цөөрмийг шинэчлэхээр төлөвлөсөн талбай дээр 17.6 га газрыг ашиглан баригдаж байна.
Монгол улсын Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох /1.0/ нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийг Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК ба “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциумууд барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Төслийн цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Төслийн хүрээнд нийт 35-н нэр төрлийн 56-н барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц баригдана.
Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа бохир усны төв коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авч бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэж цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэх юм.
Түүнчлэн Мянганы сорилын сангийн 2-р компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөсөн.
Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон. Лагийг мезофил зарчмаар биохий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад Эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм. Төслийн явц 85 хувьтай байна.
2024 онд төслийн барилга угсралтын болон инженерийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж эхний ээлжийн туршилт тохируулгын ажлыг эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.