Орон сууц гэдэг бол хамтдаа, хариуцлагатай амьдрахын үндэс
Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум болж, түүний 70 хувь нь хот суурин газарт оршин суух болно. Тиймээс, XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж байна. Чухам энэ цаг үед “Бүх зүйл хотжилтоос эхэлнэ” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү форумаар бид шилдэг туршлагуудаа хуваалцаж, чөлөөтэй санал, бодол, шүүмжээ солилцон, ажлын туршлага, үр дүнг нэгтгэн дүгнэж, алсын хараа, шийдлийг бүтээлч байдлаар хэлэлцэх замаар хүн төрөлхтөнд ээлтэй хот төлөвлөлт, дэд бүтэц, дижитал шийдэл, ухаалаг, ногоон технологийг илүү үр ашигтайгаар нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох урт хугацааны бодлогыг дэвшүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй таатай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ногоон, гамшигт тэсвэртэй, “20 минутын хот”-ын үзэл баримтлалд суурилсан Шинэ хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.