Техник импорт дээрх цементийн нийлүүлэлтийг өдөрт 300 тонноор нэмэгдүүлэхээр тогтов

Техник импорт дээрх цементийн нийлүүлэлтийг өдөрт 300 тонноор нэмэгдүүлэхээр тогтов

Техник импорт дээрх цементийн нийлүүлэлтийг өдөрт 300 тонноор нэмэгдүүлэхээр тогтов
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Цемент үйлдвэрлэгч нар, "Бетон зуурмагийн үйлдвэрлэгчдийн холбоо" ТББ, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны төлөөллүүдийг /2022.07.21/-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цементийн болон зуурмагийн үйлдвэрүүдийн хооронд дундын борлуулагч нар орж, үнэ өсгөж байгаа асуудлыг шийдэх, цементийн тээвэрлэлтийг саадгүй явуулах хүрээнд вагонуудыг нэмэх талаар ярилцлаа. Бетон зуурмагийн үйлдвэрүүдийн хувьд техник импорт дээрх цементийн үнэ үйлдвэрийн үнээс 10 мянган төгрөгийн нэмэгдэлтэй байдаг. Харин тус зах дээр цемент хангалттай биш байгаагаас зуурмагийн үйлдвэрлэлээ таслахгүйн тулд дундын борлуулагч нараас 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цементээ татахад хүрч байгаа нь үйлдвэрүүд алдагдалтай ажиллах хүндрэлтэй нөхцлийг үүсгэж байна гэлээ. Тиймээс Техник импорт дээрх цементийн нийлүүлэлтээ өдөрт 300 тонноор нэмэгдүүлж өгөөч гэх хүсэлтийг тавьж байсан юм.

Цемент үйлдвэрлэгч нарын хувьд тээвэр саадгүй бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дотоодын шаардлагатай хэрэгцээг хангах нөөц бололцоо бий, үнэ тогтвортой байгаа гэв. Нэг үйлдвэр өдөрт 25 вагон цемент гаргах боломжтой ч 8 вагоны ачилт хийгдэж байгаагаас цементийн нийлүүлэлт саатаж байгааг тайлбарлав. Тодруулбал “МАК цемент” ХХК-д өдөрт 18 вагон шаардлагатай байгаа ч 8 вагоныг, “Мон цемент” ХХК-д 15 вагон шаардлагатай байгаа ч 7 вагон өгч байгааг үйлдвэрлэгч нар хэллээ. Иймээс “МАК цемент” ХХК Критий буюу битүү вагон 10, “Мон цемент” ХХК хагас ачааны 8 вагон нэмж өгөөч гэсэн хүсэлтийг тавилаа.

“УБТЗ” ХНН-ийн зүгээс өмнөх уулзалтуудаар тохиролцсоны дагуу цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр вагонуудыг нэмж арга хэмжээ авч байгаа ч нэн тэргүүнд Цахилгаан станц, Уул уурхайн тээвэрлэлт, Импортын бараа материалын тээвэрлэлт зэрэг улс орны хэмжээний нэн тэргүүний тээвэрлэлтийн асуудлуудыг эрэмбэлж, вагон хуваарилалтаа хийж байгаа бөгөөд цементийн тээвэрлэлтийг ч орхигдуулахгүйгээр зохицуулах арга хэмжээнүүдийг авч байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн баяр наадмын өдрүүдэд вагоны эргэлт удааширсан, тээвэрлэлтийн ачаалал хэт их байгааг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо өнгөрсөн хугацаанд олон удаагийн уулзалт хийлээ. Уулзалтын дараа хэсэгхэн хугацаанд гайгүй болоод буцаад хэвэндээ орчихдог байдлыг бүрэн арилгаж, бодит үр дүн гаргах шаардлагатайг анхааруулж, “МАК цемент” ХХК-д 8 битүү вагон, “Мон цемент” ХХК-д 8 хагас ачааны вагон нэмж өгөхийг, Цемент үйлдвэрлэгч нар Техник импорт дээр өдөрт 300 тонн цемент нэмж нийлүүлэх чиглэлийг өгч, талууд дараах хоёр асуудлаар тодорхой шийдвэрт хүрлээ. Үүнд:
- УБТЗ” ХНН “Мон цемент” ХХК, “МАК цемент” ХХК-ийн захиалсан вагоны тоог тус бүр 8 вагоноор нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэлд онцгой анхаарч, эргэн хариу өгөх
-Цемент үйлдвэрлэгч нар өдөрт 300 тонн цементийг нэмж, Техник импорт дээр нийлүүлж, бетон зуурмагийн үйлдвэрүүдэд нэмэгдэлгүй үнээр хүргэх
Тодруулбал “МАК цемент” ХХК техник импорт дээр 200 тонныг “Мон цемент” ХХК 100 тонныг өдөрт нэмж нийлүүлэхээр тогтов. Ингэснээр Бетон зуурмагийн болон бетон эдлэлийн үйлдвэрүүд цементийг үйлдвэрийн үнээр авах боломж бүрдэх юм. Харин “УБТЗ” ХНН-ийн зүгээс вагон эргэлтийн нарийн хатуу хуваарийг мөрдүүлэн ажиллаж, вагоны тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, эргэн хариу өгөхөө мэдэгдэв. Харин бетон зуурмагийн үйлдвэрүүд хоёр сарын цементийн хэрэглээгээ нарийн гаргаж, тоон мэдээллээ үйлдвэрүүдэд хүргүүлэхээр болов. Энэхүү уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо БХБЯ, Цемент үйлдвэрлэгч нар, бетон зуурмагийн үйлдвэрүүд, “УБТЗ “ХНН хамтарсан байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж , ажлын үр дүнгээ 7 хоног бүр хэлэлцэж бодит үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо.