Ц.Даваасүрэн: Газрын тухай хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах зайлшгүй шаардлага бий болсон
Газрын багц хууль болон геодези, зураг зүйн хууль, хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн үг хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш бусад хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актаар газрын талаарх зохицуулалтыг нэмэлтээр бий болгосон нь зэрэгцэн үйлчилж, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, хэрэглэгч болох төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа тул Газрын тухай хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах зайлшгүй шаардлага бий болсон юм. Иймд “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх”, “Газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах”, “Газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх” зэрэг үндсэн зарчмуудыг тусгаж багц хуулийн төслийг боловсрууллаа.