"Эрчим хүчний хэмнэлттэй, хорт нөлөө бага барилгын материалд ногоон гэрчилгээ өгнө"
Барилга хот байгуулалтын яам, Барилгын мэргэжилтнүүдийн үндэсний холбоотой хамтран "Ногоон барилгын материалын тухай ойлголт" сэдэвт уулзалтыг өчигдөр зохиолоо.
Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын материалын тухай нэгдсэн ойлголтод хүрэх, ногоон барилгын материал үйлдвэрлэгчийг дэмжих зорилготой уг уулзалтын талаар БХБЯ-ны ахлах шинжээч А.Энхтүвшингээс тодрууллаа.
Тэрбээр "Эрчим хүчний хэмнэлт нь орчин үеийн барилгын нэн тэргүүний шаардлага. Харин ногоон барилгын материал гэдгийг үйлдвэрлэлийнхээ явцад эрчим хүч бага зарцуулж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байгаагаар нь тодорхойлж болно.
Барилга чанартай байх эсэх нь зураг төслийн ажлаасаа эхлэх ба материал сонгох, барих, хянах, хүлээж авах гээд бүх шатанд хариуцлагатай хандах хэрэгтэй. Аль нэг шатанд доголдол гарснаас чанаргүй барилга иргэдэд хүрэх эрсдэлтэй. Одоогоор дулаан тусгаарлах материал импортолдог "Kingspan Mongolia" болон "Монгол базальт"-ын "Эрдэст хөвөн"-д ногоон гэрчилгээ өгөөд байна. Гэхдээ зөвхөн дулаан тусгаарлагч материалд гэрчилгээ өгөх нь өрөөсгөл" хэмээв.
Барилгын ямар материалыг ногоон хэмээн үнэлж гэрчилгээ олгохыг тус уулзалтаар хэлэлцэж судлаачдын саналыг сонслоо.
УИХ-аас 2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод "Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай үйлдвэрлэл хэрэглээг дэмжинэ" хэмээн заасан.
Улмаар БХБЯ-наас "Ногоон барилгын үнэлгээний систем"-ийг нэвтрүүлэхээр үндэсний стандарт баталж, хүний нөөцөө сургахаар ажиллаж байгаа аж.
Уулзалтад Германы "GIZ" хөтөлбөрийн менежер Беате Дипмар оролцов. GIZ хөтөлбөр нь Монгол улсад сургууль, цэцэрлэгийг дахин дулаалж эрчим хүч хэмнэх болон барилгын материалыг үйлдвэрлэх, түүнийг хэрэглэх ур чадвартай хүний нөөцийг бэлдэх чиглэлээр ажилладаг. "Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд Германы талаас оруулж буй хувь нэмэр" гэж Дипмар хэлэв.
Энэ хүрээнд “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд иргэдэд хөнгөлөлттэй зээлээр байшинтай болох боломжийг олгосон билээ.